ХИЧЭЭЛ СОЛИЛЦООНЫ СИСТЕМ
Нүүр
Хичээл
Журам
МУИС ШУТИС СУИС ХААИС МУБИС АШУҮИС

Хичээл солилцооны систем



Хичээл солилцооны систем нь төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагч бусад их сургуулиас судлах хичээлийн санал гаргах, илгээгч болон хүлээн авагч их сургуулиудын зөвшөөрлийг бүртгэх, хичээл солилцоотой холбоотой журам, тайлбар, зарлал, мэдээллийг түгээх цахим систем юм.

Хичээл солилцооны систем нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн суралцагчдад үйлчилнэ.

Энэхүү системээр зөвхөн суралцагчийн саналын бүртгэл, баталгаажуулалтын үйл ажиллагаа явагдах бөгөөд илгээгч болон хүлээн авагч их сургуулиуд аль аль нь зөвшөөрсөн тохиолдолд суралцагч уг хичээлийг судлах эрхтэй болно.

Хичээл солилцооны системээр судлах эрх нь баталгаажсан суралцагчийн хувьд хүлээн авагч талын системд суралцагчаар бүртгүүлж хичээл сонгон суралцах бөгөөд нь энэхүү системд хамааралгүй болно.

Суралцагч дараах 3 хэлбэр/зорилгоор бусад их сургуулиас хичээл сонгон судалж болно.

Дүйцүүлэх

Таны өөрийн суралцаж буй одоогийн хөтөлбөрт тусгагдсан хичээлтэй ижил агуулга бүхий (агуулгын 80-с дээш хувийн давхцалтай) өөр сургуулийн харьяалал бүхий хичээлийг судалж, өөрийн хөтөлбөрийн харгалзах хичээлдээ дүйцүүлэх боломжтой.

Багцад тооцуулах

Таны өөрийн хөтөлбөрийн чөлөөт сонголтын эсвэл бусад нэгжээс судлуулахаар тодорхойлогдон тодорхой хичээлийн нэр заагаагүй багц хэсгийнхээ биелэлтэд тооцуулах зорилгоор өөр сургуулиас хичээл судлах боломжтой.

Нэмэлтээр судлах

Өөрийн хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүй ч өөрийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх зорилгоор өөр сургуулийн хичээлүүдээс сонгон судалж болно.

Энэ тохиолдолд тухайн судалсан хичээл нь хөтөлбөрийн биелэлтэд тооцогдохгүй бөгөөд харин таны төгсөлтийн баримт бичигт тухайн хичээлийг судалснаар нэмж тусгах боломжтой.

Бүртгүүлэх

Та хэрэв МУИС, ШУТИС, СУИС, ХААИС, МУБИС, АШУҮИС-ийн суралцагч бол энэхүү хичээл солилцооны системд хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлэхдээ өөрийн хувь имэйл хаягаар бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн сургуулийн суралцагчийн код(ID)-ыг үнэн зөв оруулах шаардлагатай. Таны имэйл хаяг руу баталгаажуулалтын холбоос очих бөгөөд 24 цагийн дотор уг холбоосыг дарснаар хичээл солилцооны систем дэх бүртгэл баталгаажна.

Нэвтрэх

Та өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг болон нууц үгийн дагуу нэвтрэнэ.

Хичээлийн мэдээлэлтэй танилцах, судлахаар санал өгөх

Та системд нэвтэрсний дараа "Хичээлүүд" цэснээс хичээл солилцооны системд бүртгэлтэй хичээлүүдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Сонирхсон хичээлийн дэлгэрэнгүй мэдээллийн доод хэсэгт байрлах "Санал баталгаажуулах" товчлуурыг дарснаар таны санал бүртгэгдэнэ. Уг хичээлийг сонгон судлах зорилгын талаарх сонголтыг заавал хийх шаардлагатай.

Системд тодорхойлогдсон санал авах хугацаанд багтаж санал гаргах ёстойг анхаарна уу.

Та 1 улиралд өөр сургуульд судлахаар 3 хүртэлх хичээлд санал өгөх боломжтой.

Илгээгч их сургуулийн зөвшөөрөл

Таны өөр сургуульд хичээл судлах тухай саналыг өөрийн сургууль буюу илгээгч их сургууль баталгаажуулах шаардлагатай.

Хичээлийг агуулгын болон багц цагийн ялгаатай байдал, түвшин, өөрийн сургуульд тухайн улиралд заагдахаар тодорхойлогдон анги бүрдэхгүй болох эрсдэл, багцын биелэлтэд тооцох боломжгүй тухай дүгнэлт, өөр сургуулиас судлах багц цагийн дээд хэмжээ хэтэрсэн эсэх гэх мэт үндэслэлүүдээр таны саналыг өөрийн сургууль татгалзах магадлалтай юм.

Хүлээн авагч их сургуулийн зөвшөөрөл

Таны судлахаар хүсэлт гаргасан хичээлийг өөрийн сургууль зөвшөөрсөн тохиолдолд уг хичээлийг заах харьяа сургууль буюу хүлээн авагч тал нь таны хүсэлтийг давхар баталгаажуулах шаардлагатай.

Уг хичээл тухайн улиралд заагдахгүй байх, эсвэл анги дүүргэлт хэт их болох зэрэг үндэслэлүүдээр хүлээн авагч их сургууль таны саналаас татгалзах магадлалтай юм.

Татгалзсан тохиолдолд яах вэ?

Илгээгч их сургууль эсвэл хүлээн авагч их сургуулийн аль нэг нь таны саналаас татгалзсан тохиолдолд та уг хичээлийг тухайн улиралд судлах боломжгүй болох юм. Дараа, дараагийн улирлуудад дахин санал гаргах боломжтой.

Ямар тохиолдолд зөвшөөрөгдсөн гэж үзэх вэ?

Илгээгч их сургууль эсвэл хүлээн авагч их сургууль хоюул зөвшөөрсөн тохиолдолд та уг хичээлийг судлах эрхтэй болно. Зөвшөөрөх/татгалзах үйл ажиллагаа бүгд хичээл солилцооны системээр явагдах бөгөөд суралцагч та өөрийн хичээлийн саналыг "Миний санал" цэснээс хянах боломжтой.

Суралцагчийн бүртгэл

Хүлээн авагч их сургууль нь өөрийн сургуульд хичээл судлахаар санал гаргаж, хоёр сургууль хоюул зөвшөөрөгдсөн суралцагчийг өөрийн сургуулийн сургалтын мэдээллийн системд үндсэн бус суралцагчаар бүртгэж, нэвтрэх код, нууц үг олгоно.

Хүлээн авагч их сургуулийн хичээл баталгаажуулах

Суралцагч нь хүлээн авагч сургуулийн хичээл баталгаажуулалтын үргэлжлэх хугацаанд уг сургуулийн сургалтын мэдээллийн системд нэвтэрч санал өгсөн хичээлээ баталгаажуулна.

Илгээгч талд хичээлээ баталгаажуулах

Суралцагч нь өөрийн сургуулийн сургалтын мэдээллийн системд өөр сургуульд судлахаар болсон хичээлтэй дүйцүүлэх, эсвэл тооцуулах хичээлийг мөн адил сонгож төлбөрөө төлж баталгаажуулна. Дүйцүүлэх болон тооцуулах хичээл нь илгээгч талын сургалтын системд байхгүй тохиолдолд хүлээн авагч талын хичээлийн мэдээллийн дагуу шинэ бүртгэл үүсгэнэ.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Суралцагч нь хүлээн авагч сургуульд хичээлийн төлбөр төлөхгүй. Зарим хичээлийн онцлогоос хамаарч бага хэмжээний нэмэлт төлбөрийг хүлээн авагч талд төлөх магадлалтай хэдий ч одоогийн байдлаар Хичээл баталгаажуулалтын системд нэмэлт төлбөр шаардах хичээл бүртгэгдээгүй байгаа болно.

Суралцагч нь илгээгч буюу өөрийн их сургуульдаа дүйцүүлэх эсвэл тооцуулах хичээлийг давхар сонгох үедээ уг хичээлийн багц цагийн хэмжээгээр өөрийн сургуулийн төлбөр төлөх аргачлалын дагуу төлбөрөө төлсөн байна. Төлбөрийн хэмжээ нь өөрийн сургуулийн багц цагийн үнэлгээгээр бодогдоно.

Хэдийгээр хүлээн авагч их сургуульд төлбөр төлөхгүй боловч өөрийн их сургуульдаа хичээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд таны сонгосон хичээлийг хүлээн авагч их сургууль цуцлана.

Хичээлийг хэрхэн судлах вэ?

Хичээлээ баталгаажуулж өөр сургуульд хичээл судлахаар болсон суралцагч хүлээн авагч сургуулийн холбогдох дүрэм, журмын хүрээнд хүлээн авагч сургуулийн суралцагчидтай нэгэн ижлээр хичээлээ судлан дүгнүүлнэ.

Улирлын төгсгөлд суралцагчийн дүгнүүлсэн үнэлгээг илгээгч талд хүргүүлж, илгээгч талын харгалзах хичээлд шууд дүйцүүлэн тооцно.

Саналын хязгаарлалт

Суралцагч 1 улиралд өөр сургуулийн 3 хүртэлх хичээлд санал өгөх боломжтой.

Багц цагийн хязгаарлалт

Суралцагч нь суралцах хугацаандаа бакалаврын түвшинд 15, ахисан түвшинд 6 хүртэлх багц цагийн хичээлийг дүйцүүлэх болон багцад тооцуулах зорилгоор өөр сургуулиас сонгон судалж болно. Нэмэлтээр судлах хичээл нь энэхүү хязгаарлалтад хамаарахгүй.

Хичээл цуцлах

Суралцагч нь сургалтын явцад хичээл цуцлах тухай хүсэлт гаргавал хүлээн авагч их сургуулийн журмын хүрээнд шийдвэрлэнэ.

Хичээл сонгох үйл ажиллагааны зураглал
Статистик
Хичээл солилцооны системд дараах тооны хичээлүүд бүртгэлтэй байна.

Монгол Улсын Их Сургууль: 1698

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль: 38

Соёл, Урлагийн Их Сургууль: 32

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль: 25

Монгол Улсын Боловсролын Их Сургууль: 30

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль: 17