МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОЛТ

Зөвлөмж

МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ

Мэргэжил бол хүний хамгийн үнэ цэнэтэй баялаг, орлого олж, сэтгэл хангалуун амьдрах үндсэн хэрэгсэл юм.Та ч гэсэн эзэмшсэн мэргэжлийн мэдлэг, чадвараараа материаллаг болон оюуны баялгийг бүтээж, тогтвортой орлого олж, амьдралаа өөрийн гараар бүтээн байгуулна.

Мэргэжлээ сонгоно гэдэг нь хүсэл сонирхол, чадавх, боломжоо таньж мэдсэний үндсэн дээр мэргэжлүүдийн талаарх мэдлэгтээ тулгуурлан, өөрийнхөө ирээдүйн ажил, мэргэжлийн талаар үндэслэлтэй шийдвэр гаргах явдал юм. МУИС-ийн Оюутан үйлчлэх алба, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим хамтран мэргэжил сонгох талаар зөвлөмжийг танд хүргэж байна.

Мэргэжлийг үндэслэлтэй сонгох арга замууд:

1. Мэргэжлүүдийн талаар мэдлэг олж авах. Мэргэжлийн төрөл нь олон янз, тооны хувьд бидний ердийн төсөөлдгөөс хавьгүй олон. 2008 онд хэвлэгдсэн ажил, мэргэжлийн олон улсын стандартчилсан ангилал (ISCO–08)-д 9000 гаруй ажил, мэргэжлийн мэдээлэл орсон бий. Олон хүн амтай, хөгжингүй улс орнуудад үүнээс ч илүү тооны мэргэжил хэрэглэгддэг тухай мэдээлэл байдаг.

2. Мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхлоо таньж мэдэх. Хүн өөрийн сонирхдог, өөртөө таалагддаг ажилдаа илүү амжилт гаргадаг. Энэ утгаараа сонирхол нь мэргэжлээ сонгохдоо зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйл юм. Мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхлоо тодорхойлдог аргууд бий. Тухайлбал, хүсэл сонирхлыг тандах тест бөглөх, сэтгэл судлаач, ажил мэргэжлийн зөвлөгч нараас зөвлөгөө авах, хүсэл сонирхлынхоо талаар эсээ бичих гэх мэт.

3. Мэргэжилд чиглэсэн чадавхаа харгалзан үзэх. Аливаа ажил үйлд зөвхөн хүсэл сонирхол хангалттай биш. Тухайн ажлыг амжилттай гүйцэтгэх чадавх зайлшгүй хэрэгтэй. Хүн бүхэн өөр өөрийн онцлог чадавхтай. Хүн чадавхдаа тохирсон ажлыг л амжилттай гүйцэтгэдэг. Нөгөөтээгүүр, ажил, мэргэжил бүхэнд өөр өөр чадавх шаардагддаг.

Ийм учраас мэргэжлээ зөв сонгохын тулд нэгдүгээрт, өөрийн чадавх тодорхойлсон байх, хоёрдугаарт, сонирхож байгаа мэргэжлүүд тань чухам ямар чадавх шаарддагийг судалж мэдсэн байх, гуравдугаарт, өөрийн чадавхыг тухайн мэргэжилд шаардагддаг чадавхтай харьцуулан шинжилж, өөрт тохирох эсэх талаар дүгнэлт гаргах учиртай.

4. Өөрийнхөө чадавх, боломжийг бодитой үнэлэх. Өөрийгөө бодитой байгаагаас нь дээгүүр үнэлвэл хуурамч төсөөлөлд автаж,  биелэх боломжгүй, хүрч чадахааргүй зорилго тавихад хүргэдэг. Харин чадавхаа бодитой байгаагаас нь доогуур үнэлдэг хүн өөрийгөө бусдаас ямагт дутуу гэж үздэг. Тийм хүмүүс чадавхаасаа доогуур сонголт хийж, амжилтад хүрэх боломжоо алддаг байна.

5. Эцэг эх, ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөх. Мэргэжлээ сонгоход эцэг эх, асран хамгаалагч нарын идэвхтэй оролцоо хэрэгтэй байдаг. Эцэг, эхийн санал болгож байгаа мэргэжил нь хүүхдийнх нь хүсэл сонирхол, чадавх, боломжид тохирч байвал сайн хэрэг. Харин тийм биш бол хүүхэд эцэг эхтэйгээ (мөн багш, ажил мэргэжлийн зөвлөгчтэй) сайтар зөвшилцөж, зөв сонголт хийх нь чухал байдаг.

6. Найз нөхөдтэйгээ зөвлөлдөх. Та өөрийнхөө чадавх, боломжийг сайн мэддэг гэж бодож байж болох юм. Харин найз нөхөд чинь таны чадавх, боломжийн талаар өөр дүгнэлттэй байж магадгүй. Найз нөхдийн дүгнэлт нь танд өөрийнхөө бодит чадавх, хувийн шинж чанараа шүүн тунгаах боломжийг олгоно.

7. Багш, ажил мэргэжлийн зөвлөгч нараас зөвлөгөө авах. Мэргэжлээ сонгохдоо сургуулийнхаа багш, сэтгэл судлаач, ажил мэргэжлийн зөвлөгч нартай уулзаж зөвлөгөө авах нь ач холбогдолтой. Багш өөрийн тань чадавх, боломж, хувийн шинж чанарын талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгч чадна.

8. Ажил мэргэжлийн ирээдүйн төлөвлөгөөгөө харгалзан үзэх. Мэргэжлийн ирээдүйн төлөвлөгөө гэдэг бол ямар мэргэжил эзэмших, цаашид хэрхэн өсөж хөгжих, орлого олж сэтгэл хангалуун амьдрах талаар тухайн хүний төсөөлж, төлөвлөж байгаа зүйл юм. Ирээдүйтэй холбоотой ийм асуудлыг урьдаас нарийн төлөвлөх нь бэрхшээлтэй байдаг боловч ажил мэргэжлийн талаар ямар нэгэн чиг баримжаатай, зорилготой байх нь нэн чухал юм.

 

Мэргэжил сонгоход гардаг алдаанаас сэргийлэх нь

Мэргэжлээ сонгох явдал нь хүний ирээдүйн ажил, амьдралтай холбоотой хариуцлагатай шийдвэр боловч амьдрал дээр оюутнууд мэргэжлээ сонгохдоо алдаа гаргах нь олонтаа байна. Тухайлбал:

  1. Чадавх, боломжоо бодитой үнэлэхгүйгээр мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэнэ. Оюутан бүр өөрийн чадавх, боломжоо бодитой үнэлж, мэргэжлээ сонговол амжилтад хүрнэ. Тухайн мэргэжилд чухал шаардлагатай чадавх, шинж чанарыг өөрийн чадавх, боломжтой харьцуулж үзэх нь зүйтэй.
  2. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Мэргэжил бүхний үйл ажиллагааны агуулга, технологи, ажлын нөхцөл нь өөр өөр байдаг бөгөөд түүнд тохирсон мэдлэг, чадвар, шинж чанарыг хүнээс шаарддаг. Ийм учраас тухайн мэргэжилд шаардлагатай чадавх, шинж чанар нь уг мэргэжлийг сонгож байгаа хүний чадавх, шинж чанартай нийцэж байх учиртай. Энэ бол мэргэжил сонгох үндсэн шалгуур юм.
  3. Мэргэжлийг шохоорхох байдлаар сонгохоос зайлсхий. Мэргэжлийн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамж зэрэг шинжийг нь шохоорхож мэргэжил сонгох нь алдаанд хүргэдэг. Мэргэжлийн нэр хүнд, цалин мэт нь тухайн мэргэжил танд тохирох эсэхийг нотлох үзүүлэлт биш бөгөөд уг мэргэжлийн зөвхөн ил харагддаг тал нь юм. Тэгээд ч зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан мэргэжлийн эрэлт, нэр хүнд, цалингийн хэмжээ ч өөрчлөгддөг гэдгийг анхаарах нь зүйтэй.
  4. Мэргэжлийг “ирээдүйтэй”, “ирээдүйгүй” гэж ялгаварлах нь алдаанд хүргэдэг. Оюутнууд ямар мэргэжил ирээдүйтэй вэ? гэсэн асуултыг олонтаа тавьдаг. Ирээдүйтэй мэргэжил гэж байдаггүй, харин ирээдүйтэй мэргэжилтэн гэж байдаг. Тухайлсан нэг мэргэжил дээр аваад үзэхэд, амжилттай ажиллаж байгаа хүмүүс байхад, төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа хүмүүс бий.
  5. Хичээлийг мэргэжилтэй адилтган үзэж сонголт хийх нь эрсдэл дагуулна. Ерөнхий суурийн хүрээнд судалдаг хичээл, мэргэжил хоёр бол өөр өөр зүйл юм. Математик, физик, хими, биологи, түүх, газарзүй, хэл, уран зохиол гэх мэт хичээл нь юуны өмнө мэдлэгийн салбар юм. Харин мэргэжил гэдэг нь үүнээс ялгаатай өргөн хүрээтэй ойлголт байдаг. Иймээс зөвхөн “хичээлд сонирхолтой” гэдэг үүднээс мэргэжлийн сонголт хийхээс зайлсхийх хэрэгтэй.
  6. Бусдын нөлөөнд автаж мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэнэ. Ажил, мэргэжлийн талаар тодорхой мэдлэггүй ч гэсэн мэргэжил сонгох асуудлаар хүн бүхэн л ярьж зөвлөдөг. Туршлага багатай, өөрийн тань сонирхол, авьяас чадварыг таньж мэдээгүй хүнээс зөвлөгөө авах нь тийм ч үр дүнтэй биш байдаг.
  7. Өөрөө үлгэр дууриалал авдаг хүмүүсийг дуурайж мэргэжлээ “сохроор” сонгох нь алдаа дагуулна. Та хэн нэгнийг хүндэтгэдэг, тэр хүн танд үлгэр дууриал болдог байж болно. Гэхдээ энэ нь тэр хүний мэргэжил танд мөн тохирно гэсэн үг биш. Хүндэтгэдэг хүн, мэргэжил хоёр нь өөр өөр ойлголтууд байдаг. Таны хүндэтгэдэг хүний мэргэжил танд тохирч болох л юм. Гэхдээ та үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох хэрэгтэй.
  8. Найз нөхдөө дуурайж мэргэжлээ сонгохоос болгоомжил. Нэгнийгээ дуурайх үзэгдэл бишгүй л байдаг. Найз нөхдөө дуурайж адилхан компьютер, гар утас, хувцас мэтийг худалдаж авах нь зөвтгөх аргагүй боловч байдаг л үзэгдэл. Харин нэгнийгээ дуурайж мэргэжил сонгох нь байж боломгүй зүйл юм.
  9. Мэргэжлийн нөөц хувилбаргүй байх нь алдаа дагуулна. Нөөц хувилбаргүйгээр ганц мэргэжил сонгох нь эрсдэлтэй. Ямар нэгэн шалтгааны улмаас тэр мэргэжлээрээ суралцаж чадахгүйд хүрвэл ирээдүйн ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болох муу үр дагавартай. Нөөц хувилбар гэдэг нь багаар бодоход 3-аас доошгүй мэргэжлийг сонгоно гэсэн үг. Хэрвээ нэг дэх мэргэжлээрээ суралцах боломжгүйд хүрвэл хоёр дахь мэргэжлээр, хоёр дахь нь боломжгүй болвол гурав дахь мэргэжлээр суралцах жишээтэй.
  10.  Мэргэжлээ сонгохдоо уян хатан биш хандвал алдаанд хүргэнэ. Мэргэжил бол өөрчлөгдөж хувирдаггүй зүйл биш юм. Учир нь, нэгдүгээрт, хүн өөрөө ч, сонирхол нь ч хөгжиж өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны явцад хүний нуугдмал байсан авьяас, чадавх илрэн гарах нь бий. Хоёрдугаарт, технологийн хөгжлийн нөлөөгөөр мэргэжлийн ажлын агуулга, шинж чанар шинэчлэгдэж, мэргэжилтэн хүний мэдлэг чадварт тавигдах шаардлага өөрчлөгдөж байдаг. Гуравдугаарт, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэлийн шинэ салбарууд үүсч, түүнийг дагаад шинэ мэргэжлүүд ч олноор бий болж байна.