МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОЛТ

Хөтөлбөр сурталчилах өдөрлөг гэж юу вэ?

МУИС-ийн Ерөнхий суурийн хөтөлбөрийн оюутнуудад зориулсан мэргэжлийн хөтөлбөр сурталчилах өдөрлөг нь жилд намрын болон хаврын улиралд 2 удаа явагддаг.

Намрын хөтөлбөр сурталчилах өдөрлөгөөр МУИС-д хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг бүрэлдэхүүн сургууль бүрээр нэгдсэн байдлаар танилцуулна. Мөн мэргэжилээ хэрхэн зөв сонговол зохих талаар мэргэжилтэн багш нар зөвлөгөө өгөх юм. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан танд МУИС-д хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн зохих түвшний ерөнхий мэдээллийг олгох зорилготой ба өдөрлөгийн үр дүнд оюутан та бүхэн өөрийн зайлшгүй суралцах цөөн тооны хөтөлбөрийг эхний байдлаар товлон төлөвлөсөн байна гэдэгт итгэж байна.

Хаврын хөтөлбөр сурталчилах өдөрлөг нь хөтөлбөрийг хэрэгжүүлж буй харъяа тэнхим бүрээр зохион байгуулагдана. Энэхүү үйл ажиллагааны үеэр оюутан та өөрийн төлөвлөсөн хөтөлбөрүүдийн талаар мэргэжлийн багш, төгсөгчдийн төлөөлөл нартай уулзан илүү нарийвчилсан мэдээлэл авахад чиглэгдэх юм.